Сумын танилцуулга

2017-04-24 09:40

    Монгол Зөвлөлтийн хайгуулчид 1958-1960 онд Шарын голын   нүүрсний орд газрыг нээн илрүүлж ашиглалтын нөөцийг тогтоосноор 1961 оны 10-р сарын 17-нд уурхайн тосгоны анхны суурийг тавьжээ. 
   1962 оны 10-р сарын 21-нд Шарын голд засаг захиргааны нэгж үүсгэн байгуулах шийдвэр гарч уурхайчдын хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргааг байгуулан хоёр хороотойгоор үйл ажиллагаа эхэлж улмаар 1979 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар орон нутгийн хот болгон зохион байгуулсан билээ. 
    Монгол улсын шинэ үндсэн хуулийн заалтыг үндэслэн УИХ-ын 1994 оны 32-р тогтоолоор орон нутгийн хотыг Шарын гол сум болгон өөрчилж төвийг нь Шарын гол гэж нэрлэсэн юм.
     Шарын гол сум нь Хэнтийн нурууны салбар Дархан-Уулын өвөрт далайн түвшнээс дээш 920 м өндөрт оршдог 9553 га нутаг дэвсгэртэй урд болон баруун талаараа Сэлэнгэ аймгийн Баянгол Мандал сум, бусад талаараа Дархан-Уул аймгийн Хонгор сумтай хиллэдэг. Шарын гол сум нь 8388 хүн амтай. хүн амын 28% нь 19-35 насны залуучууд, 34.6% нь 0-18 насны хүүхэд тус тус эзэлдэг. Нийт хүн амын 72.6% нь халх, 16.2% нь казак, 6.2% нь дөрвөд, 1.9% нь урианхай, 3.1% нь бусад үндэстэн ястан эзэлдэг. 2153 гаруй өрхтэй.  Сумын нийт малын тоо 37,715. Мөн өндөр ашиг шимт тахиа, гахай, үхрийн фермерийн аж ахуй ажиллаж байна.
      Шарын гол сумын Иргэдийн Хурал  нь  27 төлөөлөгчөөс  хүнээс бүрддэг бөгөөд 7 тэргүүлэгчидтэй.
Сумын Засаг даргын тамгын газар нь 3 баг 39 ажилтантай. Тус суманд Эрүүл мэндийн төв, төвийн хойд бүсийг хамарсан мэргэжлээс шалтгаалах өвчний сувилал, өрхийн эмнэлэг, Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийг цэцэрлэг, соёл, спортын төв, гамшгаас хамгаалах анги, цагдаагийн тасаг, Дулаан Шарын гол ХК, худалдаа нийтийн хоолны чиглэлээр үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд ажиллаж зэргэлдээ сумуудын иргэдэд нийгмийн бүх төрлийн үйлчилгээг  хүргэж ЗДТГ-тай хамтран ажиллаж байна.
     Улаанбаатар хотоос 218 км, Дархан-Уул аймгаас 70 км авто замаар холбогдсон. Дархан, Шарын голыг холбосон 51 км урт шугам бүхий 110/6 квт-ын өндөр хүчдэлийн дэд станц, 109.5 км урттай төмөр зам, 1900 тн дизель түлш, 250 тн бензин хадгалах нефтийн агуулах, орчин үеийн холбоо мэдээллийн сүлжээнд холбогдсон дэд бүтэц бүхий томоохон суурин юм.

                     
    



Сэтгэгдэл ачааллаж байна ..

  • ӨНӨӨДӨР:
  • 38
  • НИЙТ:
  • 96 357